Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 12 сарын 27
Саарал чонын саарал тавилан
1990-ээд онд ЗХУ задарч социалист худалдааны сүлжээ нурсан нь манай зэрлэг ан амьтдын худалдааг хянах байдалд сөргөөр нөлөөлсөн нь бий. Гэхдээ зах зээлийн хүнд нөхцөлд ан агнуур тодорхой хэмжээгээр үргэлжилсээр байв. Хятадын умард боомт болох Эрээн хот монгол наймаачдаар дүүрч эхэлсэн нь бидний хувьд бараг л анх удаа шахуу том зах зээлд тулхтай наймаа хийх боломжтой болгосон гэж болно. 2004 онд гэхэд л 100 сая долларын ангийн худалдаа хийж байв. Нэн ховордсон цоохор ирвэс, хүрэн баавгай, халиун буга, тул загас, саарал чоно, баданга хүдэр, аргаль хонь, хулан адуу, идлэг шонхор шувуу илүү өртдөг. Ялангуяа буга, тарвага, үнэг, хярс, зээр, хар сүүлт, хандгай, хэрэм, хойлог бууны овоо харааг ихэд бөглөнө. Хачирхалтай нь хийморьтой амьтан гэж дээдэлдэг атлаа малын дайсан боохой хэмээн олон зуугаар нь хяддаг саарал чоныг ихээхэн хорогдож буйг анзаарсангүй өдийг хүрчээ. Үүгээрээ нэг ч чоногүй болоод хөшөөг нь босгож байсан Англи, Австрали болон Болгарын жишээг давтахад ойрхон байна.

Ногоон хэрэм хөтөлбөрийг нураасан ч саарал чоныг хамгаалах шийдвэрийг   гаргасан Байгаль орчны сайд асан И.Эрдэнбаатарт талархаж болно. Тэрээр зүүн гурван аймагт саарал чоно агнахыг хоёр жилээр хориглосон шийдвэрийг сайд байхдаа  баталсан юм. Саарал чоныг ихээр агнан Хятад руу гаргаж байгаагийн улмаас зүүн гурван аймагт мал, зээр зэрэг олон амьтдын дунд халдварт өвчин ч хүрээгээ тэлэх болсон. Өмнө нь саарал чоныг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахдаа улирал,  тоо хэмжээг огт заадаггүй байв. Үржлийн болон үр төлөө гаргах үеэр нь улайран хяддаг энэрэнгүй бус хобби бидний урхаг болсон. Дэлхий даяар саарал чонын амьдрах орчны цар хүрээ олон янз. Канад болон Казахстаны саарал чонын сүргүүд хоол тэжээл элбэгтэй газруудад хамгийн бага нь 30 км2 талбайд байдаг. Цөлийн болон тундрын бүст 100 км2-т амьдрах орчинтой байх жишээтэй. Оросын судлаачид дэлхийн II дайны дараа ОХУ-д 150-200 мянган саарал чоно байсныг тэмдэглэжээ. Харин манайд буй уг амьтны популяцийн тоо 160 мянгаас хэтрэхгүй байж болох талтай аж. Хэрвээ Аляск шиг 100 км2 газарт 3-5 саарал чонотой гэж үзвэл Монголын саарал чонын популяцийн тоо ойролцоогоор 62 мянга байх нь ээ.

Бид энэ эрэлхэг амьтныг мал сүргийн, өмч хөрөнгийн дайсан гэж устгасаар ирсэн. Хүмүүст аюул занал учруулдаг гэж үзэх нь ч бий. Мөн спорт агнуур, олон улсын болон орон нутгийн арьсны худалдаанд, уламжлалт эмнэлгийн зориулалтаар гэх мэт олон шалтгаанаар агнасаар байгаа. Оросын дагуул орон байх үеийн манай оронд чоно агнах асуудал Засгийн газрын бүрэн эрхийн функц байлаа. Монгол улс социалист системийн салшгүй хэсэг болох тул зэрлэг амьтдын ан агнуур нь Оросын загвар, шаардлага, чиг хандлагыг заавал дагадаг байсан. Манайд 1920-иод оноос саарал чонын тоо толгойг зохицуулах болон арьсны бэлтгэл хангах зорилгоор агналт хийх болсон. 1926-1985 онд жилд дунджаар 5300 бодгаль, 1933 онд хамгийн олон буюу 18 мянган бодгаль агнаж байв. Дээрх 55 жилийн дотор 300 гаруй мянган чоно агнасан байгаа биз. Энэ тоо нь зөвхөн албан ёсоор тэмдэглэгдсэн нь. Нөгөө мал сүргээ хамгаалах гээд, эмчилгээний маягаар мах, шөлийг нь идэх гэж агнасныг багцаалах боломжгүй л дээ. Сүүлийн үед энэ амьтныг агнах явдлыг гаж буруугаар дэмжих, хөхиүлэх болсны улмаас энэ зүйлийг устгаж сөнөөх аюулд хүргэж болохоор байгаа. Манай хөдөөгийн малчид л лав саарал чоныг малын дайсан гэж үзэх үзлээсээ мөд ангижрахгүй бололтой. Зүүн гурван аймгийнхан маань хөөрхийг битгий агнаад байгаач ээ гэсэн нь овоо доо. Цоохор ирвэс, буурал шилүүс хоёрыг ч чингэж үздэг юм билээ. Өөрөөр хэлбэл нүүдлийн ахуй амьдралд саад учруулагч гэж ад шоо үздэг. Саарал чоныг бүр үндэсний дайсан гэж албан ёсоор үзэж байсан эмгэнэлтэй түүх социализмын үед байсан. Түүний талаар ямар ч экологийн ойлголтгүй байснаас гадна тухайн үед саарал чоныг устгаж үгүй болгох л гэсэн ганцхан зорилготой байсныг юу ч гэмээр юм бэ дээ. Одоо  агнуурын ямар ч хорио байхгүй амьтан гэвэл саарал чоно хэвээр байгаа. И.Эрдэнэбаатарын гаргасан тушаалыг эс тооцвол. Сүүлийн үед чонын бараг бүх эд эрхтнийг уламжлалт анагаах ухаанд хэрэглэх болсноор бодийг нь хөтлөх гол шалтгаан болж буйг хэлье.

Монгол анчдын чоно агнахдаа гаргах догшин ширүүн, хурдан шаламгай авирыг гаднынхан үзэн ядахдаа л чингэдэг гэж боддог гэсэн. Хэрэг дээрээ бид чоныг уламжлалт ёс заншлын дагуу хүндэтгэн агнадаг. Энэ нь чонын эрэлхэг, зальтай, овжин чанарыг нь биширдгийнх. Чоныг ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү хийморьтойд нь алуулдаг гэсэн яриа бий. “Монголын нууц товчоо”-нд хүртэл монголчуудын гарал үүсэл чонотой холбоотой гээд биччихсэн болохоор саарал чоныг бүрмөсөн үгүй хийх бодол хүн бүрт байхгүй нь лавтай. Социализмын чоно устгалын үед ч чонын нүүрэнд 1-2 бэлтрэг үлдээдэг байсан. Энэхүү түүхэн уламжлал, ёс заншил зах зээлийн эд хөрөнгийн түйрэнд хийсэн одож мэдэхээр байгаа.

Эдүгээ саарал чонын тоо толгой тодорхойгүй ч дотоодын болон гадаадын худалдааны чухал зүйл байсаар байна. Манай зах зээлд саарал чонын бүх эрхтэн, хэсэг нь хэрэглэгддэг. Арьс нь хамгийн дулаахан. Чонын дахыг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Миний бие 6-7 жилийн өмнө энэхүү үнийн дүнг авч байв. Чанар сайтай арьс 150 доллар, муу нь 50 долларын үнэ хүрч байв. Бүх биеэрээ эмийн сан шахуу болчихсон  чонын махыг нь гэхэд л ханиад, астмаас эхлээд бүх төрлийн өвчнийг анагаахад хэрэглэж байна. Лав л зах дээр нэг кг махыг нь 5-10 доллараар зардаг байсан. Яс, хэл, бөөр, дэлүү, зүрх зэрэг нь ч нийлээд дор хаяж 100 доллар хүрнэ. Ингээд нэг саарал чоныг зах дээр зарахад 300-350 долларын ашиг олж болохуйц байгаа биз. Манайхан саарал чонын худалдааг ихэвчлэн Хятадтай хийдэг. Хоёр улсын хилийн дагуух хотын дэлгүүрт хийсэн судалгаанаас харахул саарал  чонын сайн арьс 250, мууг нь 35 доллараар үнэлэн тавьсан байх жишээтэй. Нэг ширхэг шүд, соёо нь 2-3, шагай нь 3-15, толгой нь 5-10 доллараар зарагдаж, араг яс нь арай бага буюу 50, харин чихмэл нь 350-375 доллар хүрдэг байна. Дээрхи тоо одоо хоёр дахин нэмэгдээд байна Ер нь монгол, хятадын уламжлалт анагаах ухааны зан заншил, зах зээлийн үнэ, чоныг үзэх хандлага зэргээс шалтгаалж саарал чоно нь бидний хамгийн их агнадаг хоёр дахь ан болчихов.

950 анчнаас асуулга авахад 40 хувь  нь чоно агнадаг гэснээс үүнийг харж болно. Монголд 240 мянган хүн ан хийдэг гэж үзвэл эдгээрээс 70 мянга нь чоно агнадаг болж таарах нь. Яг таг биш ч гэсэн 2004 онд 20-30 мянган чоно агнасан тоо бий. Энэ нь долоон сая долларын худалдаа бий боллоо гэсэн үг. Энэ үеэр Улаанбаатарт гэхэд л 50 мянган саарал чонын арьс борлуулсан мэдээ бий. Ийнхүү маш их хэмжээгээр агнаж байгаагаас шалтгаалан Монголын саарал чоно цөөрсөөр байна. Зүүн хязгаар болон говийн бүсээс чоно алга болж байсан бол одоо бүр төв, баруун хязгаарт ч энэ гашуун давтагдаж эхэлжээ. Зөвхөн Төв аймгийн нутгаас гэхэд л УИХ-ын нэр бүхий гишүүнээр толгойлуулсан бүлэг анчид нэг удаагийн агналтаар 70-аадыг агнаж ирснийгээ сонин хэвлэл дээр дурайтал бичиж байв. Ийм маягаар байвал саарал чоно биднийг үүрд орхин одох байх. Ийм байж өөрсдийгөө Бөрт чонын удам гэх үү. Чоногүй Монголыг монгол үндэстэн гэж төсөөлөхөд бэрх болно доо. Саарал чонын саарал тавилан саран дээрх толбо шиг үлдэх гэж үү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE дарна уу.Танд баярлалаа.
Түгээх
Сэтгэгдэлийг ачаалж байна...
STYLE